Header ads

» » » Цалинтай оюутан танд захиж хэлэх хэдэн үг

Амралтын өдрүүдээр мэдээний сайтуудаар зочилж байгаад нэгэн нийтлэлийг олсонооо та бүхэнд хүргэж байна. Үүнийг уншаад оюутан залуус та бүхэн минь дотроо нэгийг тунгаан бодно гэдэгт найдаж байна.



 
Өмнө нь өч төчнөөн хүмүүс бэлэн мөнгө тараах аваас эдийн засаг хямарч, үнийн өсөлт гүйцэгдэх нь үгүй болно хэмээн шуугисан. Гэвч нэгэнт л гэгээн төр засгийн мэргэн оюун оюутан та бүхэнд мөнгөн тэтгэмж өгөх шийдвэр гаргасан тул буруу булхай талаас нь бус буяныг дааж амьдрах талаас нь хэдэн үг хэлэхээр шийдлээ.
Та нар мөн ч азтай залуучууд юм. Яг үнэнийг хэлэхэд, нэг хэсэг үеийнхэн эрдэм сурах хүсэл байвч үнэ төлбөрийг нь дийлэхгүй тул аргагүйн эрхэнд өөр ямар нэг зүйлээр амьдрал ахуйгаа авч явах гэж хүчээ барж явсан юм шүү. Гэтэл та нарын төлбөрийн ихэнхийг төлөхөөс гадна сар бүр тэтгэмж олгохоор болсон энэ цагт чухам л өнөө "Сур. Сур. Бас дахин сур" гэдэг үг таарахаар харагдана. Тэгэхдээ бас "Юмгүй байх хэцүү, юмтай байх бүүр хэцүү" гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй биз дээ.
Нийгмийн бага бус хэсэг нь "Оюутнуудад мөнгө өгч яах нь вэ? наадуул чинь авсан өдрөө л архинд өгөөд дуусгана" гэсэн хардлагатай байгааг ч санаж төр засгийн олгосон боломжийг ёстой нэг "оюутан" хүн шиг ашиглан, зарцуулаад олны хэл амыг нам дараад өгөөрэй хэмээн хүсч энэхүү бичлэгийг тэрлэж байгаа юм шүү.
Ээ дээ, битгий л тэр архи, дарс, шоу цэнгээнд үрээрэй дээ. Хэрэв та бүхэн тэгж зарцуулах аваас, тэр үедээ ямар нэг асуудалд орох аваас энэхүү мөнгийг та бүхэнд өгөхийн тулд татвар төлсөн энэ олон иргэдийн хөдөлмөр, үзүүлсэн итгэлийг хамт уучихлаа л гэсэн үг шүү. Би бодохдоо та нарын буюу шинэ үеийн сонголт "Архи, тамхи" биш гэж найдаж байгаа. Харин түүний оронд ном, сурах бичиг, үзэг бал, дэвтэр, харандаагаа авахаас гадна спортоор хичээллэх, илчлэг сайтай зөв зохистой хооллох тал дээрээ анхаараарай.
Мэдээж энэ мөнгийг өгөхөөс өмнө болоод байсан юм чинь энэ мөнгө ирснээр бүүр ч илүү болно гэж ойлгож байгаа тул байгаагаа сайжруулан байхгүй байсныгаа бий болгоорой л гэж хэлээд байгаа ухаантай.
Муу сурдаг, хичээлээ тасалдаг л биш бол бүх оюутанд олгогдож байгаа 70200 төгрөгт битгий ханаарай. Хичээж сураад, өөрийгөө илүү дайчилж судалгаа шинжилгээг өөрийн сурч байгаа салбартаа сайн хийгээд эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл бичиж олимпиад, уралдаанд оролцоод авч болох хамгийн дээд тэтгэлгийг авахын төлөө хичээцгээгээрэй.
Номын санд суу, ном авч унш, интернетээс эрэл хайгуул хий, сайн толь бичиг аваад түүнийгээ ашиглан орчуулга хий. Тийм боломж бүрдэж байна шүү дээ. Боломж байсаар байхад алдаж байгаа бол "тэр" ахиж чамд олдохоо байчихдаг юм шүү. Тиймээс цаг нартай уралдан өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг мэдэхийн төлөө биеэ сайн дайчилцгаагаарай.
Бас нэг зүйл нэмж хэлэхэд, бага гэж гололгүйгээр энэ мөнгөөрөө дамжуулаад эдийн засгийн соёлтой зөв хэрэглээнд суралцаарай. Ухаандаа төлбөрийн карт болон цахим хэлбэрийн гүйлгээний хэлбэрүүдийг ашиглаж сурах гэх мэт. Ер нь бэлэн мөнгө гар дээр байх үрэгдэх нь амархан байдаг тул карт ашиглаад сурчихвал амар байдаг юм шүү. Одоо хаа сайгүй АТМ, картаар үйлчилдэг үйлчилгээний цэгүүд бий болчихсон энэ цаг үед төлбөрийн картыг Автобусны билет хэлбэрээр ганцхан ашигладгаа болих хэрэгтэй ш дээ. 
Голомт банкнаас гаргасан байхаа тэр шар картыг. Уг нь мөнгөн гүйлгээнд ашиглаж болох бас ч үгүй тогтвортой мөнгөн хадгаламжинд хүү төлдөг, оюутнуудад л зөвхөн боломж олгосон карт нь ганцхан автобусанд харуулдаг зүйл болсонд цаадуул чинь сэтгэл дундуур л явсан байх. Муугаар бодоход л ихэвчлэн халаасны хулгайчдын "ажлын байр" болсон автобусаар үйлчлүүлдэг хүмүүст ядаж мөнгөө суйлуулах эрсдлээс хамгаалагдаж байгаа хэрэг шүү дээ.
За за нэг тийм картын реклам шиг болчих гээд байна. Тэгэхдээ аль ч банкаар дамжуулан таны тэтгэлгийг олгосон байлаа өөрт байгаа бэлэн төлбөрийн картаа ашиглаад соёлтой сайхан хэрэглээнд суралцаарай. Мэдээж сүүлийн үеийн төлбөрийн карт болгон интернет болон гар утсаар дамжуулан гүйлгээгээ харах, хянах, хийх боломжтой болсон байгаа. Тиймээс оочир дугаарт зогсож хөлөө ядраан, цагаа үрэхийн оронд лекцэнд сууж байхдаа гар утсаараа мөнгөө шилжүүлээд, интернет дэх цахим дэлгүүрээс хэрэгтэй ном, дуртай хамтлагийн СД, дуртай багийн жерсигээ худалдаж авч орчин цагийн хүн гэдгээ мэдэрч амьдраарай.
Миний санаж байгаагаар \манай нэг найз анх санааг нь гаргаж хийж байсан юм\ тэр карт чинь бас зарим нэг дэлгүүр, үйлчилгээний газруудад хөнгөлдөг байх ёстой. Тэр чинь л гэхэд бас нэг боломж шүү дээ. Үнэхээр буцаад оюутан болж сурмаар санагдаж байна шүү. Ном авах, автобусанд суух, интернетэд суух, заал авах, хоёр хуушуур идэх мөнгөө хүртэл ээж, ааваас авч ингэж авч байгаагаасаа ичин ичин сурдаг цаг ард хоцорч эх орныхоо ирээдүйн төлөө өөрийгөө өв тэгш хүмүүжүүлсэн зөв сэтгэхүйтэй, зөв ирээдүй гарч ирэхийн үндэс болон энэхүү тэтгэлэг олгогдож байгаа гэж найдаж байна шүү.
(Хошигноход: Оюутнууд өлсгөлөн хүний тухай онигооны гол баатар болдог байсан цаг үүгээр өндөрлөж байна шүү дээ)
Ээ дээ, дүү нар минь ёстой нэг "Эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэн" юу чаддагаа, яаж сурдгаа харуулж, олгосон мөнгийг нь хэрхэн соёлтой зөв зарцуулж чаддагаа үзүүлээд өгөөрэй. Шинэ цагийн оюутан хэмээгдэж, шинэ боломжийн дор суралцан, шинэ технологи эзэмшиж, шинэ Монголын эзэн болох та бүхэнд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
2012-02-15 17:25:00

About anonymous

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд shildegshdee.blogspot.com хариуцлага хүлээхгүй.
«
Next
Newer Post
»
Previous
Older Post