Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Германы "Герцогенаурах" тосгонд аж төрдөг Адолф, Рудолф Дасслер нэртэй ах дүү хоёр гутал хийж зарахаар шийджээ. Энэ бодлоо гүйцэлдүүлэн удалгүй гуталчны бяцхан газар нээн ажиллуулж эхэлжээ.
Дайн дууссаны дараагаар Адолф нь, Рудолфдоо цуг ажиллахыг хүсэхгүй байгаагаа, өөрийн гэсэн гуталчны газар нээн ажиллах сонирхолтой байгаагаа хэлжээ. Энэ үгэнд ихэд гайхсан Рудолф энэ бяцхан тосгонд хоёрын хоёр гуталчин яаж ашигтай ажиллаж чадах вэ. Тэгээд ах дүү хоёр хоорондоо хэрхэн өрсөлдөх билээ хэмээн эсэргүүцэв. Рудолф, Адолфыг "тус тусын гуталчны газар нээх нь тийм ч ухаалаг алхам биш, тосгоны оршин суугчид ч гутал аваад шалихгүй бид хоёулаа дампуурах болно" хэмээн ятгахыг оролдсон боловч, Адолфыг няцааж чадсангүй.
Адолф тэр үед өөрт байгаа зүйлээ золиослон илүү сайхан ирээдүй бүтээхийг хүсэн мөрөөдөж байв. Ийнхүү Адолф, Рудолфоос салан өөрийн гуталчны газраа нээн ажиллуулжээ. Төд удалгүй ах дүү хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн эхэлж, нэг нь нөгөөгөөсөө шинэ санаачлага, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр уралдаж эхлэв. Хэсэг хугацааны дараа тэдний энэ өрсөлдөөн төрсөн тосгоных нь хилийг даван улам улам өргөжиж эхэлжээ.
Ах дүү хоёр өөрсдийг бизнесийг эхлүүлсэн тэр өдрөөс хойш холбоогоо тасалж, Адолфыг 1978 онд насан эцэслэх хүртэл 29 жил нэг нэгэндээ уурласан хэвээр байжээ. Энэ өрсөлдөөний үр дүнд юу болсныг уншигч та сонирхож байгаа байх. Тэр хоёр Рудолфын болгоомжилж байсан шиг үнэхээр дампуурч хоосорсон гэвэл үгүй. Гуталчны газруудын нэгийг нь Адидас, нөгөөг нь Пума гэх болсон бөгөөд дэлхийд алдартай асар том гутал үйлдвэрлэгчид болтлоо өргөжин тэлсэн байна.