Raspberry Pi хэрэглэхийг санал болгож байна
Raspberry Pi бол өртөг хямд, кредит картны хэмжээтэй маш жижигхэн компьютерийн систем юм. Компьютерийн дэлгэц, зурагт, гар, хулгана холбох боломжтой. Энэ жижигхэн төхөөрөмжөөр жишээ аван компьютерийн системийн ажиллагааг бүх насны хүмүүст тайлбарлахад тун дөхөм. Мөн компьютерийн системийг хэрхэн програмчлах талаар Scratch, Python хэл дээр коде бичин жишээ авч болно. Интернетэд холбогдож өндөр нягтшилтай видео үзэх, дуу сонсох, текст шивэх, тоглоом тоглох гэх мэт компьютер юу хийж чадах тэр бүхнийг энэ төхөөрөмж хийж чадна. Raspberry Pi сургалтын зориулалттайгаас гадна нөгөө талаас хүчин чадал өндөртэй тул олон төрлийн тоон төхөөрөмж, хөгжим тоглуулдаг хэрэгсэл, цаг уурыг станц, хэт улаан туяаны камер зэрэг маш олон төрлийн байдлаар ашиглагдаж байна.
Энэ хавтангийн олон хувилбараас хамгийн их ашиглагдаж байгаа нь Raspberry Pi B. Анхны модельтой нь харьцуулсан байдлыг дараах зурагнаас хараарай.
Raspberry Pi-г электроник талаас нь харвал оролт, гаралтын портуудтай (GPIO) тул олон электроникийн төсөл хэрэглэж болон юм. Доорх зурагт 26 ширхэг оролт гаралтын портуудыг харуулсан байна. Энгийн портуудаас гадна SPI, I2C, UART гэсэн гэсэн гурван зориулалтын сериал протоколоор төхөөрөмж холбож болно. Жишээ нь робот хийж байгаа гэж байна гэж бодвол SPI-аар playstation 2 –ын гар холбоно. Програмын аргаар энгийн GPIO портоор PWM хийж мотор удирдаж болно. I2C протоколоор төрөл бүрийн сенсор холбох боломжтой. Эдгээр холболт интерфайс хийж чадсанаар хэрвээ та электроникч бол юу хийж чадахыг төсөөлж байгаа байхаа.
Модель B гарснаас хойш 2 жилийн дараа илүү олон GPIO порттой, USB портын тоог 2 дахин нэмсэн, microSD оролттой, илүү сайн дууны системтэй, чадлын хувьд харьцангуй бага Raspberry Pi B+ модель саяхан шинээр гарлаа. Энэ шинэ хавтан хуучин В хувилбартайгаа үнийн хувьд адилхан 35 доллараар энэ долоо хоногын 1 дэхь өдрөөс эхлээд зарагдаж эхэлж байна. Энэ хувилбарыг та Element 14 эсвэл RS Components гэсэн Raspberry Pi үйлдвэрлэдэг газруудаас захиалж авч болно.
Шинэ хувилбар Model B+ нь үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар Raspberry Pi v2 –тай адилхан биш боловч хүчин чадлын хувьд нилээд төстэй 512MB RAM, Broadcom BCM2835 мультимедиа дүрсний процессортой. Нэмэгдсэн зүйл нь 40 ширхэг GPIO порт ба эхний 26 нь модель В –гийн портуудтай харгалзаад адилхан.
Хэрвээ та электроник болон програмчлалын чиглэлээр оюутан, эсвэл энэ талаар сонирхож эхэлж байгаа бол Raspberry Pi хэрэглэхийг санал болгож байна. Яагаад гэвэл хамгийн өргөн тархсан, хавтангын талаар мэдээлэл түгээмэл олдоно.